Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
- Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаад эрх нь цуцлагдсан “Үүлэнгөү”, “Дун фан интернэйшнл трейд”, “Тун лэ фүүд”, “Язгууртан эко хүнс”, “Эс Эс Си Монголиа фүүд”, “Саян-Уул”, “Цан Сэн Тиан Ий” ХХК-иудад зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн махыг холбогдох хуулийн дагуу устгах арга хэмжээ авлаа.
ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг ХХААХҮЯ, ЭМЯ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын хяналтын улсын (ахлах) байцаагчид болон Нийслэлийн Мал эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын (ахлах) байцаагч нарын бүрэлдэхүүнтэй.
ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан тус ажлын хэсэг Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах нийт 258 объектод хяналт шалгалт хийж, аттестатчилах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.