Үерийн улмаас одоогийн байдлаар 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин, хоёр контейнер усанд урссан. Мөн хоёр иргэн тогонд цохиулж нас барсан харамсалтай мэдээлэл бий. Дарь-Эх орчим буюу Баянзүрх дүүргийн 32, 21 дүгээр хороонд гудамж, зам талбай руу их хэмжээний ус орсон, мөн зам хаагдсан байна. Одоогоор зам чөлөөлөх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, мөн түр байрлах байрны талаарх мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: "Өнөөдөр орсон аадар борооны улмаас уулнаас үер бууж хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдлыг тогтворжуулахаар холбогдох албаныхан шуурхай ажиллаж байна. Зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулах, зам чөлөөлөх, иргэдийг түр байрлах байр руу нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авна" хэмээлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням: "Анх дуудлага ирснээс хойш аврах бүлгүүд ажиллаж, алба хаагчид айл өрхүүдээр явж, тандалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бид үерт өртсөн айлуудыг иргэдийн хүсэлтийн дагуу нүүлгэн шилжүүлж ажиллана. Үерийн усанд өртсөн машинуудыг чөлөөлсний дараа зам, талбайг цэвэрлэнэ. Цахилгааны утас унасантай холбоотойгоор УБЦТС ТӨХК-иас дөрвөн баг ажиллаж байна. Эрүүл мэндийн газраас иргэдэд үзлэг хийж байгаа. Үерийн голомтод 200 гаруй алба хаагч ажиллаж байна" гэв.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: "Уулын ус доошоо бууж, ийм нөхцөл байдал үүслээ. Бид үүссэн нөхцөл байдалтай холбоотой Дарь-Эхийн замын хөдөлгөөнийг хаана. Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол Дарь-Эхийн замд зорчихгүй байхыг хүсэж байна. Бид машинуудыг зөөж, үерийн усаар орж ирсэн хайрга дайргыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангасны дараа цахилгааны асуудлыг шийдэх юм. 127 дугаар сургуульд түр ор дэлгэн, иргэдийг байрлуулж байгаа гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС