Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн Унгарын Будапешт хотноо 2023 оны 8 дугаар сарын 19-27-нд болж дэлхийн шилдгүүдээ тодрууллаа.
Энэ тэмцээнд Ц.Бямбажав /эрэгтэй 59 дүгээр байр /, Ж.Олонбаяр /73 дугаар байр/, Б.Сэр-Од /72 дугаар байр/ нар амжилттай оролцсон бол манай эмэгтэй марафончдоос Г.Хишигсайхан 31 дүгээр байр эзэлсэн байна. Эмэгтэй тамирчид бямба гарагт /2023.08.26/ уралдаанаа хийсэн бол эрэгтэй тамирчид тэмцээний хамгийн сүүлийн өдөр буюу ням гарагт /2023.08.27/ өглөө 7.00 цагт уралдаандаа оролцож хурд, хүчээ сорьжээ.
Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна. Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааны тамирчид юм. Харин марафон гүйлтээр Б.Сэр-Од тамирчин дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд энэ амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоогоод байна.
МУГТ Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ. Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпын марафонд уралдвал 6 олимпын наадамд оролцсон дэлхийн анхны марафонч болох юм байна. Тэрбээр, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, олимпын наадмын марафон гүйлтийн уралдаанд таван удаа оролцсон шилдэг тамирчин юм.