Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог.
Мөн хээрт ховордож буй хээрийн экосистемийн эрүүл байдалд онцгой үүрэг бүхий үнэг, хярс, саарал чоно, хотны үен зэрэг махчин амьтад тархсан байдаг нь тус газар нутгийн байгаль хамгааллын үнэ цэнийг илэрхийлнэ.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь “Жаран тогооны тал” тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хялганат хээрийн экосистемийн хамгааллын үнэ цэнэ, Монгол Улсын төрийн бодлогод тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх талаар дэвшүүлсэн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Жаран тогоо А, Б талыг УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 41-р тогтоолоор "байгалийн нөөц газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
Тус аймгийн ИТХ-ын 2020 оны 06 дугаар тогтоолоор “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ байгуулагдан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн Байгаль хамгаалалтын захиргаа