Японы мэргэжлийн сумо бөхийн 9 дүгээр сарын Намрын тэмцээн өнөөдөр /2023.09.10/ эхэлж байгаа бөгөөд энэ цаг үеийн ганц Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны гэмтлийн улмаас энэ башёг өнжихөөр болжээ.
Энэ башёд гурван Озэки цолтон хүчээ сорих юм. Өнгөрсөн башёд түрүүлсэн шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн, эхний өдрийн барилдаанд Комүсүби Тобизарюү-тэй барилдах бол Озэки Такакэйшо энэ өдөр Хокүтофүжи /М-1/-тэй учраа таарчээ. Харин Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Аби /М-2/ хүчээ сорин барилдах юм.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-3/, Комүсүби Нишигики-тэй учраа тааран хүч үзэх бол Хокүсэйхо А.Даваанинж /М-11/, Такарафүжи /М-12/-тэй барилдана.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-15/ эхний өдрийн барилдаанд Цүрүгишёо /М-16/ таарч хүчээ сорих бол Дайшохо Ч.Шижирбаяр /М-17/ энэ өдөр Кагаяаки /М-16/-тай барилдах юм байна.