Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочилж, “Монгол Улсын гадаад бодлого: Зүүн хойд Ази” сэдвээр илтгэл тавив.
Тус арга хэмжээнд Австралийн гадаад бодлого, олон улсын харилцааны шинжээчид болон судалгааны байгууллагын судлаачид, дипломатчид оролцсон бөгөөд сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, зорилт, түүний дотор Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй бодлого, байр суурийн талаар мэдээлэл хийж, Монгол, Австралийн харилцааны онцлог, ирэх хагас зуун жилийн хэтийн төлөвийн талаар санал бодлоо илэрхийлж, судлаачдын сонирхсон асуултад хариулав.
Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэн дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй Монгол, Австралийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт цэцэглэн хөгжиж, иргэд хоорондын хэлхээ холбоо улам бүр батжин бэхжиж буйг тэмдэглээд Австрали Улсыг манай улсын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, итгэлтэй гуравдагч хөрш гэдгийг онцлов.
Австралийн олон улсын харилцааны хүрээлэн нь 1924 онд Британийн Чатам хаус буюу Хатан хааны олон улсын харилцааны хүрээлэнгийн Австрали дахь салбар болон байгуулагдаж, 1933 онд өнөөгийн Австралийн Олон улсын харилцааны хүрээлэн нэртэйгээр тус улсын холбооны олон улсын судалгааны хүрээлэнгийн бүтэц болон өөрчлөгдсөн. Тус хүрээлэн нь улс төр, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа явуулж буй Австралийн ууган судалгааны байгууллага бөгөөд Австралийн бүх муж, нутаг дэвсгэрт өөрийн салбартай цорын ганц хүрээлэн юм. Австралийн олон улсын харилцааны хүрээлэн нь жил бүр 150 гаруй арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагаандаа олон улсын харилцааг сонирхон судалдаг 10 мянга гаруй иргэдийг хамруулдаг аж.
Түүнчлэн, “Австралийн олон улсын харилцааны сэтгүүл”-ийг хэвлэн нийтэлдэг төдийгүй тус улсын гадаад бодлогын талаарх богино хэмжээний сэдэвчилсэн нийтлэл, долоо хоног тутмын тоймыг багтаасан “Австралийн гадаад харилцааны төлөв” сэтгүүлийг тогтмол хэвлэж, олон нийтийн хүртээл болгодог байна.