Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд өнөөдөр (2023.09.14) Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Моренотой цахимаар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд, Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улстай тогтоосон дипломат харилцаа идэвхжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Морено Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгаатай санал нэгдэж, бүхий л хэлбэрээр дэмжин ажиллахаа харилцан илэрхийлсэн юм. Мөн хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс парламентын найрамдлын бүлгийн гишүүдийн харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.