Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахилгаан скүүтэр, унадаг дугуйн хэрэглээнээс үүдэлтэй осол, эрсдэл нэмэгдэж буйтай холбогдуулан скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчиддээ хандан зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлсэн билээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш “Жет шаринг монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүхтэй өчигдөр уулзаж, зөвлөмжийг хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, даатгалд хамруулах болон хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, урьдчилсан санамж бөглүүлэх, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хэрэглэгчдэд зөв зохистой хэрэглээг бий болгоход зориулан олон нийтэд хандсан нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажиллах талаар талууд санал солилцлоо.
Зөвлөмжийн хүрээнд “Жет шаринг монголиа” ХХК-д хандан нэн түрүүнд хэрэглэгчийн өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх журамтай болох, эрсдлийг бууруулах зорилгоор даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх, аюулгүй, зөв зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлэхийг мэдэгдэв.
“Жет шаринг монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх зөвлөмжийг хүлээж авч цаашид хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх тал дээр онцгой анхаарч, зөвлөмжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар эргэн мэдэгдэж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.