Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр Намрын бүх нийтийн их цэвэрлэгээг 10.00 цагаас эхлүүлж байгаа бөгөөд нийслэлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хайс, хашлага, гэрлийн шонг угаахаар төлөвлөжээ.
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийх юм байна.
Энэхүү их цэвэрлэгээний ажилд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байгаа юм.