Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд Монгол Улсын үр тариа, улаан буудай, төмс, хүнсний ногооны гол ханган нийлүүлэгч Сэлэнгэ аймгийн ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцаж, тариаланчидтай санал солилцлоо.
Тариаланчид сүүлийн жилүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдож буй газар тариаланг дэмжих 6 хувийн хөнгөлөлттэй зээл болон хөрсний үржил шимээ хадгалж хэрэглэсэн бордооны 30 хүртэл хувийн хөнгөлөлтийг аж ахуй нэгжүүдэд олгож буй ихээхэн дэмжлэг болж байгааг илэрхийллээ.
Мөн тариалан эрхлэгчид тариалангийн талбайд мал оруулахгүй, хамгаалах асуудал, тариалангийн талбайг хашаажуулахад төр дэмжлэг үзүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулан ажиллах тал анхаарах хүсэлтийг тавилаа.
Тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдалтай танилцан дэмжихээ илэрхийллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.