БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох манай тивийн Үндэсний олимпын хороодын баг тамирчид тамирчдын тосгондоо цугласаар байна.
Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд есдүгээр сарын 18-нд зохион байгуулагдлаа.
Ёслолоор тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20,000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1,000 гаруй сайн дурын ажилтнууд нийт баг тамирчдын тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн баг тамирчид тамирчдын тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг дуулгаж, Монголын баг тамирчдад амжилт хүсэв.
Энэ үеэр Монголын багийн ахлагч А.Ганбаатар Хятадын "CCTV"-д өгсөн ярилцлагадаа халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцлон өндөр амжилт гаргахыг зорьж байгааг дурдлаа.
Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар манай волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн 5 төрөлт, штабын нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоу хотноо хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.