"Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын эхний өдөр "HZ Gymnasium" ордонд боксын тэмцээн эхэлж, Монголын баг тамирчдаас 4 тамирчин рингэнд гарч тулалдахаас эмэгтэйчүүдийн 50 кг жинд О.Есүгэн эхний тулааныг Филиппин улсын тамирчин А,Виллегастай хийж, түүнийг 3:1 /29:27, 30:26, 27:29, 28:28, 30:26/-ээр яллаа.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргалын эхний учраа нь 54 кг-д Дэлхийн хошой аварга /2019, 2023/ Хуан Вэн байсан бөгөөд тэд 3 раунд эн тэнцүү тулалдаж 5:0 /30:27, 30:27, 30:27, 30:27, 30:27/ гэсэн шүүгчдийн саналаар Тайванийн тамирчинд ялалтыг өгснөөр манай боксчин тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдрийн сүүлийн 2 тоглолтын эхний тулааныг ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг, 63,5 кг жинд Туркменистаны тамирчин Х.Иманкулиевтай хийх юм байна. Харин эрэгтэйчүүдийн 80 кг жинд Г.Далай Филиппин Марциал Еумир Феликстай тулалдана.