Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан албан хаагчид өнөөдөр Налайх дүүргийн “Шинэ цэцэрлэгт хүрээлэн”-д 154 (14 гацуур, 140 хус) мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчлав.
Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудын зүгээс “Эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцэе” хэмээн уриалж байна.
Энэхүү тарьсан моддыг Нийслэлийн байгаль орчны газар, Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээний газар хариуцах юм.
Модыг зөвхөн суулгаад өнгөрөх биш, эргэж тойрч, усалгаа, арчилгааг тогтмол хийсээр байгаа юм.
БТСУХ-ны ажилтан албан хаагчид төрийн тэргүүний санаачилсан хөтөлбөрт оролцож, байгаль, эх дэлхийдээ бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Бусад салбарынхан маань ч гэсэн идэвхтэй оролцож, байгаль орчноо хайрлаарай хэмээн уриалав.
Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, тарьж байгуулсан ногоон байгууламжаа үр дүнтэй хайрлан хамгаалж байх нь чухал хэмээн хэлж байна.