“Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газарт өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Стандарт, тохирлын үнэлгээний бодлогын газрын албан хаагчид, стандартчиллын техникийн 64 хороодын удирдлага, гишүүдийн хамтарсан хэлэлцүүлэг, уулзалт боллоо.
Уулзалтаар Стандартчиллын техникийн хороодын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, MNS 1-1:2021, Монгол улсын Үндэсний стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг. Техникийн ажлын журам, Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм, Техникийн хорооны хурлын дэгийн талаар товч танилцуулга мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Олон улсын стандартчиллын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн комисс, Олон улсын харилцаа холбооны байгууллага 2023 оны Дэлхийн стандартын өдрийг “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” гэсэн уриан дор Тогтвортой хөгжлийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэхээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь дэлхий дахинаа стандартаар дамжуулан тогтвортой хөгжилд бүх насны хүмүүсийн эрүүл аж төрөх амьдралыг баталгаажуулж, сайн сайхан байдлыг дэмжих, нийгмийн бүхий л амьдралд жигд оролцох боломжтой гэсэн өргөн хүрээтэй асуудлыг дэвшүүлж байна.
Уулзалтын үеэр Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа “Олон улсын байгууллагуудын гишүүний хувьд тэдний стратеги төлөвлөгөө, хэтийн зорилгыг хамтдаа хэрэгжүүлж, дэлхийн түвшинд хамтдаа алхаж, илүү сайхан дэлхийн төлөө нэгдмэл зорилготойгоор ажиллах болно” гэсэн юм.