Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 15 дугаартай баталсан удирдамжийн дагуу “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод ажиллаж нутгийн захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулан сургалт хийлээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш оролцогчдод агентлагийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар товч танилцуулаад хэрэглэгчийн эрхийг хамгаалахад иргэн, аж ахуй эрхлэгч, төрийн байгууллагын үүрэг оролцоо, хууль эрх зүйн орчин болон хяналт шалгалтын явцад нийтлэг илэрдэг зөрчил дутагдал, цаашид юунд анхаарах талаар зөвлөмж мэдээлэл өглөө.
Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга Ч.Однасан Өрсөлдөөний тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар танилцуулж, монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын анхаарах асуудлаар сургалт, мэдээлэл хийлээ.