БНСУ-ын Стандартын агентлаг /KSA/ цэцэрлэг, дунд сургууль, дээд сургуульд стандартчиллын мэдлэг ойлголтыг олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага юм.
Тус байгууллагатай Монгол улсад боловсролын тогтолцоонд стандартчиллын мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар санал солилцлоо. Хоёр байгууллага дараах асуудлуудаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
- Хүний нөөцийг чадавхижуулах, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Стандартчилал, техникийн зохицуулалтын мэдээлэл лавлагааны санг бэхжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийг хамтран судлах;
- Стандартчиллын талаарх эрдэм шинжилгээний болон практик судалгаанд хамтран оролцох;
- Монгол Улсад Стандартчиллын боловсролын сургалтын хөтөлбөрийг бий болгох, стандартчиллын талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллах;
- Стандартчилал, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын чиглэлээр мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр (ODA)-ийг тусгайлан хэрэгжүүлэх;
- Менежментийн тогтолцооны мэргэшсэн аудитор бэлтгэхэд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Бьёон Вүүк Пак, KSA-ийн Аж үйлдвэрийн товчооны Дэд гүйцэтгэх ерөнхийлөгч, Сан Гүн Жо KSA-ийн Стандартын хамтын ажиллагааны төвийн Ахлах судлаач, Хэжин Пак, KSA-ийн Стандартын хамтын ажиллагааны төвийн Ахлах судлаач, Сэебом Ким, KSA-ийн Стандартын хамтын ажиллагааны төвийн Ахлах судлаач нар оролцож, МУ-ын Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагуудын төсөл, хөтөлбөртэй танилцан хэлэлцэж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.