Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Монгол Улсын хар тамхитай тэмцэх чадавхыг бэхжүүлэх” төслийг энэ оны 05 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хаалтын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дэд дарга, прокурор Ли Жонг Мин тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр мансууруулах бодисын тархац бүхий аймгуудын 21 алба хаагч, дээрх аймгуудын 7 хяналтын прокурор, Сэлэнгэ аймгийн Гааль, Хил хамгаалах байгууллагуудын 50 алба хаагчийг сургалтад хамруулсан юм.
БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын санхүүжилттэй химийн гаралтай хортой болон аюултай бодисыг зайнаас тандан илрүүлэх багаж, техник хэрэгслийг нийлүүлснийг гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж эхлээд байна. Тус багаж, техник тоног төхөөрөмжийг хар тамхитай тэмцэх үйл ажиллагаанд ашигласнаар алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдал болон гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримтыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.