Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Андоррын хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч, хамтарсан эрх баригч Э.Макронд уламжилж, Монгол Улс, Андоррын Хант Улсын хооронд 2011 онд дипломат харилцаа тогтоосноос хойш талууд олон талт механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг тэмдэглээд Монгол, Андоррын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Андоррын Хамтарсан Эрх баригч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүсэв.