Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 17 дахь эрдмийн чуулган “Сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах” сэдвийн дор 2023 оны 11 дүгээр сарын 17-18-ний өдрүүдэд Милленнум плазад болж байна.
Энэ чуулган нь сэргээн засах олон мэргэжлийн багийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эмчилгээний үр дүнг дэлхийн жишигт нийцсэн, чанарын өндөр түвшинд хүргэх зорилгыг дэвшүүлэн гаргахад чиглэгджээ.
Чуулганыг нээж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаа нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 17 дахь эрдмийн чуулганд сэргээн засах салбарын дотоодын эрдэмтэн, профессор, зөвлөх эмч нараас гадна БНХАУ, Япон улсын сэргээн засахын эрдэмтэд, эмч, судлаач нар уригдан оролцож, сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар үр дүнг сайжруулах талаар боловсролын илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Эрдмийн чуулганы хоёр дахь өдөр хэлэлцэж бөайгаа сэдвийн хүрээнд эмнэл зүйн дадлага, сургалт болно. Мөн сэргээн засахын эмч, мэргэжилтнүүдэд харилцан туршлага солилцох боломж олгох зорилгоор сэргээн засах төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг 4 эмнэлгийг сонгож, үйл ажиллагаатай нь танилцуулах юм байна.