Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 6 дахь өдрийн барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Такаяасү /М-3/-тэй учраа таарч барилдан, түүнд коматасүкүи мэхээр унаж 5 даваа, 1 унаатай болоод байна.
Энэ өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Гонояама /М-4/-тай барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 4 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Тобизарюү /М-3/-тэй хүчээ сорин барилдаж, түүнийг окүридаши мэхээр хаяж 1 унаа, 5 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Чураноүми/М-15/-тэй учраа тааран хүч үзэж, түүнд ёрикири мэхээр унаж 4 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Нишигики /М-4/-тэй таарч барилдан түүнд цүридаши мэхээр унаснаар 2 даваа, 4 унаатай боллоо.
Ташрамд сонирхуулахад, Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/, энэ өдөр Такарафүжи /М-13/-тэй таарч барилдан түүнийг шитатэнаге мэхээр хаяж 2 даваа, 4 унаатай явна.