ЮНЕСКО-гоос 1980 онд баталсан “Уран бүтээлчдийн статусын тухай зөвлөмж”-ийн баримт бичиг нь ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад хандаж, уран бүтээлчдийн статусыг бэхжүүлэн дээшлүүлэхэд анхаарал хандуулж, хүний эрх, эрх чөлөө, хөдөлмөр эрхлэлт, оюуны өмч, хүүхдийн эрх болон бусад соёлын чиглэлээр нэгдэн орсон конвенцүүдийн үзэл санаа, эрх, үүргийн хүрээнд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг уриалан баталсан байна.
Энэ хүрээнд 2022 онд ЮНЕСКО-гийн гишүүн орнууд зөвлөмжийн биелэлтийг хэрхэн ханган ажилласан талаарх үндэсний тайланг боловсруулах чиглэлийн дагуу Соёлын яамнаас уг зөвлөмжийн тайлан биелэлтийг боловсруулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоор уламжлуулан хүргүүлсэн.
Тайланг боловсруулах ажлын хүрээнд ЮНЕСКО-гоос уг зөвлөмжийн зорилго, агуулга, ач холбогдлын талаар яамны болон харьяа байгууллагын албан хаагчдад цахим сургалт зохион байгуулж, тайлангийн хамрах хүрээ, бүтэц, агуулгыг тодорхойлсны үндсэн дээр нийт 9 бүлгийн 15 чиглэлийн 62 асуулгын дагуу Монгол Улсад сүүлийн 4 жил буюу 2018-2022 онд уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар үйл ажиллагааны нэгдсэн тайланг боловсруулан хүргүүлсэн.
Зөвлөмжийг биелэлтийг хангах ажил нь дан ганц Засгийн газар буюу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үүрэг бус салбарын үйлдвэрчний эвлэл, салбар бүрийн мэргэжлийн холбоо, хамтын удирдлагын байгууллага болон бие даасан уран бүтээлчдийн санал санаачилгад тулгуурласан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болох цогц үйл ажиллагаа юм. Иймд уран бүтээлчид та бүхэнд ЮНЕСКО-гоос 1980 онд баталсан “Уран бүтээлчдийн статусын тухай зөвлөмж”-ийн баримт бичгийг танилцуулж байна.