Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Оттава, Монреаль хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Оттава хотноо уулзав.
Сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр хилийн чанадад оршин суугаа иргэдэд чиглэсэн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, арга хэмжээнд оролцсон иргэдтэй нээлттэй санал солилцов.
Түүнчлэн Канад Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол сургуулиудад сурах бичиг, сургалтын гарын авлага, ном товхимлыг гардуулав. Канад Улсад Монгол Улсын 2300 орчим иргэн оршин суудаг бөгөөд олонх нь Онтарио мужийн Оттава, Торонто, Квэбэк мужийн Монреаль, Алберта мужийн Калгари, Бритиш Колумб мужийн Ванкүвэр хотод оршин суудаг.
Гадаад харилцааны сайд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Канадын Онтарио мужийн Торонто хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн арга хэмжээнд оролцов.
Өргөмжит консулын газрын нээлтэд Торонто хот дахь гадаад улсуудын Консулын газрын тэргүүн нар, Өргөмжит консулууд, бизнесийн төлөөлөл, мөн монгол иргэд оролцов. Арга хэмжээнд ирсэн зочдын сонорыг морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий, магтаалаар мялаав.
Канад Улсын Онтарио муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Браён Вилферт 2023 оны 7 дугаар сараас үүрэгт ажилдаа орсон болно.
Канад Улсад Онтарио мужаас гадна Квэбэк, Алберта, мөн Бритиш Колумб мужид Монгол Улсын Өргөмжит консулууд ажиллаж байна.