Өрсөлдөөний чиг үүрэг бүхий 100 гаруй агентлаг, олон улсын байгууллага, мэргэжлийн шинжээчид, олон улсын болон бүс нутгийн байгууллагын дээд түвшний албан тушаалтнууд жил бүр Парис хотноо цугларч өрсөлдөөний зохицуулалтын чиглэлээр туршлага хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг.
2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа энэхүү форумд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ оролцож байгаа билээ. Уг форумын эхний өдрийн хэлэлцүүлэг “Даяаршлаас бүсчлэл рүү” сэдвийн хүрээнд явагдав.
Хуралдаанд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн, Ерөнхий эдийн засагч Кларе Ломбарделли, Хонконгийн их сургуулийн профессор Томас Ченг, Йоханнесбургийн их сургуулийн профессор Саймон Робертс тэргүүтэй төлөөлөгчид илтгэл танилцууллаа.
Тус хуралдаанаар дэлхийн хэмжээнд өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдлыг судлахын сацуу бүс нутгийн өрсөлдөөн дэх динамик хөгжлийн чиг хандлагын боломжит нөлөөллийн талаар хуралдааны үеэр ярилцаж, цаашид өрсөлдөөнийг хэрхэн зохицуулах талаар санал солилцлоо.