Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь гурван үе шаттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээчдийн баг энэ сарын 11-15-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна.
Энэ үеэр шинжээчид төслийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ.
Шинжээчид Монгол Улс, Швейцарын Холбооны Улс болон БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, сургагч багш нарыг бэлдэх, Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх зорилготой ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.