Холбоо, навигаци, ажиглалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тус албаны дарга Г.Баттөгс танилцууллаа. Холбоо, навигаци, ажиглалтын алба нь өнөөдрийн байдлаар 8 хэсэг, 4 тасагтай, нийт 181 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил өнөөдрийн байдлаар 96.4 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэллээ. 2023 оны онцлох ажлуудаас дурдвал:
1. Агаар-газрын алсын удирдлагатай станцын шинэчлэл (IP RCAG 11 байрлал) Албаны даргын тушаалаар 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулсан. Үр дүнд нь 11 станц шинээр нэмж суурилуулснаар 32 радио станцтай болж, радио холбооны бүрхэлт 2-3 давхар бүрхэлттэй болсон. Дээд агаарын зайд 3 сектороор нөөц ажлын давтамж үүсгэх боломжтой болсон. Алсын станцуудыг төвөөс хянаж, удирдах, тохиргоо хийх бүрэн боломжтой болсон.
2. Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагад нөөц радио давтамжуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд суурилуулалтын хувьд 13 байрлалд нөөц ажлын давтамж үүсгэж, шинэ RCAG станцууд суурилуулах явцад тохиргоо бүрэн хийгдсэн. 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна. Үр дүнд нь агаарын навигацийн холбооны үйлчилгээний найдвартай ажиллагаа дээшилж, холбоо алдагдах эрсдэл буурна гэж үзэж байна.
3. Дуун холболтын зангилаа төхөөрөмжийн шинэчлэл. ИНҮТ-ийн даргын тушаалаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтад оруулсан. Үр дүнд нь IP технологид суурилсан. Холбогдох станцын тоо 3 дахин нэмэгдсэн. Нислэгийн удирдагчийн 50 ажлын байртай. Ажлын байрны тоо 2 дахин нэмэгдсэн. Бие даасан үндсэн нөөц системтэй.
4. Нисэхийн мэдээ зохицуулах систем (AMHS) ИНҮТ-ийн даргын тушаалаар Нисэхийн мэдээ зохицуулах үйлчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-тай холболтыг хийж, ашиглаж эхэлсэн. Бээжин AMHS төвтэй хийх холболтын ажил 2024 оны 2 дугаар улиралд хийгдэхээр хүлээгдэж байна. Үр дүнд нь 2008 оноос ашиглаж байгаа AFTN системийг бүрэн шинэчилнэ. Орон нутаг, олон улсад IP протоколоор мэдээллүүд бүрэн дамжих боломжтой болно. Текст, зураг, график, диаграм, хүснэгтэн мэдээлэл дамжуулах боломжтой.
Холбоо, навигаци, ажиглалтын албаны зүгээс ажилтнуудын цалинг нэмэх, автоматжуулсан системийн сайжруулалт (AIRCON-2100) хийх, нийт ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, 3 радарын шинэчлэл хийх зэрэг шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлууд байгааг тайлангийн төгсгөлд танилцууллаа.