Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 9-нд Токиод шинэ бөхийн шалгалтад орох 11 залуугийн нэрийг зарлалаа. Тэдний дунд шинжээчдийн анхаарлыг гойд татаж байгаа бөх бол Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц байна. Энэ жил 23 настай тэрээр их аварга Хакүхогийн Миягино дэвжээнд элссэн юм.
Хакүхо Ө.Дэмиджамцад маш их итгэл найдвар хүлээлгэж байгаа. Зодог тайлах ёслол дээрх сүүлийн барилдаандаа аварга залуу хүүтэй барилдаж байсныг манай спорт сонирхогчид санаж байгаа.
Ө.Дэмиджамц 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, манай сонирхогчдын сумогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сумо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан. Өнгөрсөн хавар их сургуулиа төгсөөд Миягино дэвжээнд дадлага хийсэн байна.
Япончуудын анхаарлыг тэрээр Монголын Дархан аваргын хүү гэдгээсээ гадна одоо макүшита зиндааныхантай энэ тэнцүү үзэлцэж байгаа гэдгээрээ гойд татсан байна.
Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 193 см өндөр, 135 кг жинтэй.