Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны байрны гадна “Сэжиг бүхий хүмүүс байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шуурхай шалгахад 21-25 насны нэг эмэгтэй, гурван эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэснийг таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан.
Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүргээ ухамсарлан, сэжигтэй хүн, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв