Монгол Улсын Засгийн газрын “Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу НЗДТГ, Удирдлагын академи хамтран “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны сургалтад хорооны Засаг дарга нарыг хамруулж эхэллээ. Сургалтын эхний ээлжид Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн 49 хорооны Засаг дарга нар хамрагдаж байна.
Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах замаар иргэдийн оролцоог дэмжих, тогтвортой бүтцийг бий болгох зорилготой тус сургалтыг улс даяар зохион байгуулж, 21 аймгийн 1646 баг, нийслэлийн 204 хорооны Засаг дарга нарыг хамруулж буй. Ингэхдээ нийслэлд 25, аймгуудад 47 сургагч багшийг бэлтгэн,
- Засаглал, иргэдийн оролцоо
- Баг, хороодын түвшинд үзүүлэх үйлчилгээ, Засаг даргын чиг үүрэг
- Хамтын ажиллагаа
- Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ
- Манлайллын арга барил
- Сайн туршлага, манлайллын түүх бүтээх
- Төслийн санал боловсруулах гэсэн агуулгаар хичээллэж, асуудлуудыг тодорхойлон, эрэмбэлж байгаа юм.
Үүний үр дүнд өөрийн албан тушаалын чиг үүрэг, холбогдох хууль, эрх зүйн талаарх мэдлэг, ойлголтоо сайжруулж, чадавхжих ач холбогдолтой болохыг сургалтад хамрагдаж буй хорооны Засаг дарга нар хэлж байлаа. Бусад долоон дүүргийн хорооны Засаг дарга нарыг 2 дугаар сарын 16 хүртэл үе шаттай уг сургалтад хамруулах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС