Байгаль орчинд ээлтэй, үйлпвэрлэл, үйлчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн 6 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгохоор шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ногоон хөгжлийг дэмжиж, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг бодлогоор дэмжих, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор баталсан “Байгальд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, тэдний байгальд ээлтэй арга, технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгож байна.
БОАЖ-ын Сайдын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж “Ногоон гэрчилгээ” олгох комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 дахь хуралдаанаа хийж, 6 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгохоор шийдвэрлэлээ.
Үүнд:
- Үйлдвэрийн үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, хаягдалгүй дэвшилтэт арга технологи нэвтрүүлж модлог хорголжин түлш, цэвэр модон байшин, цэвэр модон тавилга зэргийг үйлдвэрлэгч “МОД КОН ХХК”;
- Усны чанарыг сайжруулагч PTH төхөөрөмж, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчийг хэмнэж, агаар орчны бохирдлыг бууруулах шалны халаалт зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоног төхөөрөмж импортлогч “ТОТ КОМ СЕРВИС ХХК”;
- Нарны эрчим хүчийг хэрэгцээт цахилгаан болгон хувиргах технологийг ашиглан байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа явуулж буй “ЛАЙТ ХАУС ХАЙБРИД ТЕХНОЛОЖИ ХХК”
- Хүдрийн овоолгоос шүүрэх хүчиллэг усыг боловсруулах болон саармагжуулах үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэж, байгаль орчныг нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж буй “ГАЛ СЭНТИЙ ХХК”
- Дарханы 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барьж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэн Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллаж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ нийлүүлж, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “СОЛАР ПОВЕР ИНТЕРНЕЙШНЛ ХХК”
- Хуванцар цонхны бэлдэц, хуванцар хоолойн үйлдвэрлэл явуулдаг, хог хаягдлаа дахин боловсруулж үйлдвэрлэлдээ ашигладаг “МЕТРОПЛАСТ ХХК”-иудад НОГООН ГЭРЧИЛГЭЭ олгов.