ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 26 /NHK/. Японд шинэ оны эхний өдөр болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2.6 их наяд иений /17.6 тэрбум ам.доллар/ хохирол учирчээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан хохирлын үнэлгээг пүрэв гарагийн засгийн газрын хуралдааны үеэр танилцуулжээ. 2011 онд Японы зүүн хойд нутагт болсон сүйтгэлт газар хөдлөлт, цунамийн гамшгаас учирсан хохирлын үнэлгээг гаргахад ашигласан аргаар ийнхүү тооцоолсон байна.
Тодруулбал, орон сууц, үйлдвэр зэрэг барилга байгууламжид учирсан хохирол 4-8.8 тэрбум ам.доллар, зам, боомт, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцэд 3.4-8.8 тэрбум долларын хохирол учирчээ. Улмаар нийт хохирлын үнэлгээ 7.5-17.6 тэрбум ам.доллар болжээ.
Түүнээс Ишикава мужид учирсан хохирлын хэмжээ хамгийн ихдээ 8.8 тэрбум ам.доллар, Тояма мужид 3.4 тэрбум ам.доллар байна. Түүнчлэн Нийгатад учирсан хохирлын хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрчээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сар тутмын тайланд мөн Японы эдийн засгийн байдлын талаар дурдсан ба эдийн засаг саарах шинж тэмдэг ажиглагдаж байгаа хэдий ч сэргэлт үргэлжилж байна гэжээ. Мөн Ното хойгт болсон газар хөдлөлтийн улмаас Японы эдийн засагт үзүүлэх нөлөөг сайтар хянах шаардлагатай гэдгийг дурдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан