"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпод оролцож буй манай гүйлтийн цанын тамирчдын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Alpensia Biathlon Centre-т болсон эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт уралдаанд 48 ҮОХ-ны 80 тамирчин хурд сориход Австрийн Э.Эишер 3:03.98 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.
Урьдчилсан шатанд эхний 30 байрт орсон тамирчид цааш шалгарах байсан бөгөөд манай тамирчин А.Хүслэн дараагийн шатанд үлдэхэд ердөө хоёр секунд дутан 35 дугаар байр эзлэв.
Тэрбээр өөрийн зайг 3:15.83 минутад туулсан бөгөөд 30-д орсон тамирчны цаг 3:13.69 байв.
Энэ төрөлд уралдсан манай бас нэг тамирчин, ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 3:19.24 үзүүлэлтээр 41 дүгээр байрт бичигдлээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн спринт уралдаанд спортын мастер Ж.Уянга өөрийн замыг 4:03.61 минутад дуусган 78 тамирчнаас 46 дугаар байрт орсон юм.
Харин спортын мастер Н.Нандинцэцэг 4:06.75 минутаар энэ гараанд 50 дугаар байр эзэллээ.
Урьдчилсан шатыг Шведийн Э.Тангландер 3:27.75 минутаар өнгөлсөн юм. Манай тамирчид маргааш эрэгтэй, эмэгтэй 7.5 км-ийн сонгомол тэшилтийн төрөлд уралдах хуваарьтай байна.
Эмэгтэйчүүдийн уралдаан 09:30-д, эрчүүдийн уралдаан 12:00 цагт эхлэх болно. Тамирчдадаа амжилт хүсье!
Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч:
МҮОХ-ны Алтан түнш Munkhiin Useg
Эх сурвалж: МҮОХ