“Парис-2024” зуны олимп, “Милан Кортина” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд баг тамирчдын хувцас хэрэглэл, бусад асуудалд зохион байгуулалтын шинэ арга хэмжээ хийхтэй холбогдуулан санамж бичигт өөрчлөлт оруулсан.
Тус хамтран ажиллах санамж бичигт БТСУХ-ны дарга О.Баттулга болон МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Энэ үеэр талууд үг хэлж, талархал илэрхийллээ. БТСУХ-ны дарга О.Баттулга хэлэхдээ, "Өнөөдөр бид МҮОХ-той санамж бичигт өөрчлөлт оруулж, баталж байна. Энэ бол бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх, өвлийн олимпын наадмуудад төрийн зүгээс ТББ-уудтай хамтран ажиллах чиг үүргийдийг хэрхэн хэрэгжүүлэх, МҮОХ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах талаарх заалтуудыг оруулсан. Эрх зүй болон бичиг баримтын хүрээнд шийдэгдээгүй асуудлыг шийдэхийн тулд энэхүү санамж бичгийг шинэчлэн баталлаа" гэв.
Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг "МҮОХ-ны зүгээс төр засагтайгаа хамтарч ажиллах гэрээ үзэглэж байгаадаа баяртай байна. Парисын олимп тун ойртоод байна. Монгол Улс анх удаа 45-аас дээш тамирчны бүрэлдэхүүнтэйгээр олимпод оролцох боломж харагдаж байгаа. Манайхаас 50 орчим тамирчин оролцвол спортыг дэмждэг улсуудын эгнээнд зүй ёсоор багтана. МҮОХ-ны зүгээс Олон улсын олимпын хорооны чуулганыг 2027 онд эх орондоо зохион байгуулахаар зорин ажиллаж байна. 2030 онд Залуучуудын өвлийн олимпыг улсдаа зохион байгуулж болох боломж мөн л харагдаж байгаа” гэлээ.
Ташрамд дурдахад, Францын нийслэл Парис хотноо 171 хоногийн дараа зуны олимпын наадам болох билээ. Одоогоор Монголын найман тамирчин “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан бөгөөд 2024 он гарсаар Үндэсний шигшээ багийн тамирчид Азийн АШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл, Гран при тэмцээнээс хоёр хүрэл, олимпын эрх олгох тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна.