Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 2035 он хүртэл шаардагдах эрэлттэй ажил, мэргэжлийн судалгааг тус яамнаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, арга аргачлал, загварыг харьцуулан судалж боловсрууллаа.
Энэхүү судалгааны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн.
Үүний дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхарын ахалсан Ажлын хэсгийн хурал 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж хуулийн төслийг Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.
Ажлын хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ТББ-ийн төлөөллүүд, эмэгтэйчүүдийн ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүрдэж байгаа бөгөөд хуулийн төсөлд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Цаашид хуулийн төслийг бусад оролцогч талуудад танилцуулж, саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангахаар шийдвэрлэлээ.