Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн С.Дондов нартай өнөөдөр уулзаж, хүний эрхийн чиглэлээр олон асуудалд санал солилцлоо.
УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хүний эрхийн багц хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар төлөвлөж байгаа юм. Хүний эрхийн багц хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах, бэхжүүлэхэд Хүний эрхийн үндэсний комиссын санал, байр суурийг сонсож, нягт хамтран ажиллах талаар ярилцав.
ХЭҮК-ын дарга Б.Сүнжид хүний эрхийг хангах чиглэлд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим онцлох ажлуудаас танилцууллаа. “ХЭҮК-оос хүний эрхийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нэн тэргүүнд эдийн засаг, нийгэм соёлын эрхийн асуудлыг анхаарч байж ядуурал, ажилгүйдэл, авлига, тэгш бус байдал буурна гэдэг нь тод харагдаж байна” хэмээн Б.Сүнжид онцолсон юм.