ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 19 /Kyodo/. Японы “Astroscale Holdings” гарааны компани тойрог замд хаягдсан пуужингийн үлдэгдэл хэсгүүдийг ажиглах хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөө өнөөдөр мэдэгдлээ. Сансрын хог хаягдлыг зайлуулах технологийг хөгжүүлэхээр ажиллаж буй тус компани энэхүү хөөргөлтийг дэлхийд анхдагч гэж тодорхойлж байна.
“Rocket Lab USA” компанийн пуужингаар ням гарагт Шинэ Зеландаас хөөргөсөн эл хиймэл дагуулын тусламжтайгаар 2009 онд хөөргөсөн H2A пуужингийн их биеийн хэсгийг ажиглах бөгөөд одоогоор уг пуужингийн хэсэг нь дэлхийн гадаргуугаас 600 километрийн өндөрт маш хурдтай эргэлдэж байгаа ажээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл дагуул, пуужин хөөргөх нь ихэссэнтэй холбоотойгоор сансрын хог хаягдал нэмэгдсээр байгаа юм. Ажиллагаагүй болсон хиймэл дагуулууд, пуужингийн үлдэгдлүүд одоогоор идэвхтэй ажиллаж буй хиймэл дагуулуудтай мөргөлдөх эрсдэл бий боловч тэдгээр хог хаягдлыг зайлуулах тодорхой арга байдаггүй.
Японы гарааны компанид бүтээсэн “ADRAS-J” /Active Debris Removal by Astroscale-Japan/ хэмээх уг хиймэл дагуул нь шоо хэлбэртэй, 80 орчим см-ийн урт, өргөнтэй, 1.2 метр өндөр, 150 кг жинтэй. Хиймэл дагуулыг "H2A" 15 дугаарын пуужингийн хоёр дахь угсрааны үлдэгдэл хэсэгт хэдхэн м-ийн зайд ойртуулж, эргэлдэх хөдөлгөөн, эвдрэл, элэгдлийн хэмжээ зэргийг хянаж, зураг авах юм. Пуужингийн үлдэгдэл нь 11 м урт, 4 орчим м-ийн голчтой, ойролцоогоор 3 тонн жинтэй ажээ.
“Astroscale” компанийг Нобү Окада гэдэг хүн сансрын хог хаягдлыг зайлуулах үйлчилгээг дэлгэрүүлэх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулжээ. Тэрбээр өмнө нь Японы Сангийн яаманд ажиллаж байсан юм. Тус компани ирээдүйд хиймэл дагуул дээр суурилуулсан робот гар ашиглан сансрын хог хаягдлыг цуглуулж, агаар мандалд шатаахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан