Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви нар өнөөдөр /2024.02.26/ хоёр орны геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлт, геотехник, уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгарч буй асуудал түүнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагааг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга хэлсэн үгэндээ, геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын стандарт, дүрэм, журам, шилдэг туршлагыг Монгол улсад нутагшуулах, мэргэжилтэн солилцож туршлага солилцох, тэргүүний шилдэг техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах зэргээр хамтран ажиллах нь зүйтэй байна.
Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын үйл ажиллагааг аливаа эрсдэлгүй, үр дүнтэй явуулах нь чухал бөгөөд тэдгээр асуудлыг богино хугацаанд эрчимжүүлэхэд энэхүү Санамж бичиг үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.