"Монгол боловсролын хувирган өөрчлөлт 2024" үндэсний чуулганы хүрээнд "Боловсролын үнэлгээ ба цахимжилт" салбар хуралдаан боллоо. Оролцогчид дараах агуулга дээр санал нэгдэж байна.
- Үнэлгээ гэдэг нь өргөн утгаараа суралцагчдын ахиц дэвшил, гүйцэтгэлийг үнэлэхэд чиглэсэн боловсрол, сургалтын тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн юм. Түүнийг үндэсний болон орон нутгийн, байгууллага, багш, суралцагчийн түвшинд зөв төлөвшүүлэх, тохирц, найдвартай байдлыг хангахуйц хэмжээнд зохион байгуулж сурах нь маш чухал юм.
- Үнэлгээний төрөл, хэлбэрүүд болох оношлох, явцын, үр дүнгийн, өөрийн үнэлгээг зөв оновчтой, бүрэн утгаар нь хэрэглэж, найдвартай мэдээллийн сан бүрдүүлэн, дүн шинжилгээ хийж чадвал багш болон суралцагчдын ахиц, дэвшил, гүйцэтгэлийг тооцох, багшид тухайн суралцагчийн талаарх мэдээллийг өгснөөр түүнтэй хэрхэн ажиллах арга замыг чиглүүлэх боломжийг нээж өгнө.
- Сургалтын байгууллагын хувьд хичээлийн жилийн эхэнд тавьсан зорилгодоо хүрч буй эсэх, зорилгын хэдэн хувь нь биелж байгааг явц дунд нь мониторинг хийх байдлаар тасралтгүй үнэлгээ хийж үнэлж дүгнэж болно.
- Үнэлгээний үйл явцыг хөнгөвчлөх, мэдээллийг богино хугацаанд цуглуулж, нэгтгэх, боловсруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх нэг хэлбэр нь дижитал технологийг ашиглах явдал юм.
- Үнэлгээг цахим хэлбэрээр удирдах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд зориулагдсан төрөл бүрийн онлайн хэрэгсэл, платформууд хөгжиж байгаа бөгөөд сургалтын үр ашгийг нэмэгдүүлэх, уян хатан байдал, тэгш хүртээмжтэй байх, суралцагчдад шууд хариу өгөх боломжийг автоматжуулсан зэрэг олон давуу талтай юм. Хэдий давуу тал ихтэй ч цахим үнэлгээг боловсролын салбарт хэрэгжүүлэхдээ дижитал тэгш байдал, аюулгүй байдал, хүчин төгөлдөр байдал, найдвартай байдал зэргийг харгалзан үзэх нь маш чухал юм.
- Үнэлгээг үнэн зөв, найдвартай, тохирц өндөртэй зохион байгуулж чадвал суралцагчдын эрэлт хэрэгцээг хангах, сургалтын ерөнхий үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болно.