Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Улсын Их хурлын 2023 оны 07 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоол, Барилга, Хот байгуулалтын сайдын 2023 оны 36 дугаар тушаалыг үндэслэн Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс “Шинэ Хархорум” дэд бүтэц, төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа билээ.
Шинэ бүтээн байгуулалтад хамтын хувь нэмрээ оруулах замаар хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, харилцан үр ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичгийг 4 жилийн хугацаатай байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн илгээлтийг МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж уншиж, танилцуулан “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын захиргаанд гардуулж өгсний дараа Санамж бичигт МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын захиргааны дарга Н.Нацагдорж нар гарын үсэг зурлаа.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу цэнгэлдэх хүрээлэн барихад МХБХолбоо техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, Хархорин хотод 2026 оноос “Хархорум цом” тэмцээнийг явуулах, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг “Үндэсний цом” тэмцээний 21 аймгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо