"Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр АШУҮИС Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн хурлын танхимд зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт Стандарт Хэмжил зүйн газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга С.Батбаатар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Д.Даваасүрэн, СХЗГын Захиргаа, Удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхүү, Аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Батсүх, хэлтсийн дарга Б.Цэвээндорж болон нийт албан хаагчид оролцлоо.
Мөн орон нутгийн эрчим хүч, дэд бүтэц, газрын тос, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, их дээд сургуулийн төлөөлөл зэрэг 153 байгууллагын 164 иргэний оролцоотой зохион байгуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөртэй холбоотой болон цаашид өөрчлөлт, шинэчлэлт оруулах шаардлагатай стандартын талаарх санаа бодлоо илэрхийллээ.
Энэхүү хөтөлбөр нь Үндэсний чанарын дэд бүтцийн эрхзүйн орчныг олон улсын жишигт хүргэж, боловсронгуй болгох замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.