Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн: “Аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах гол байгууллага болох МҮХАҮТ-тай санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Бидний зүгээс шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, Өрсөлдөөний тухай хуулийг сурталчлан таниулахад аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, цаашлаад хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр танхимтайгаа хамтран ажиллана” гэсэн бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Хувийн хэвшлийн гол амин сүнс чөлөөт өрсөлдөөний орчныг бэхжүүлэхэд хүчин зүтгэж буй та бүхэнтэй хамтран ажиллахаар болж буйдаа баяртай байна. Өнөөгийн зах зээлд зохицуулалттай салбар буюу төрөөс үнэ тарифыг хянаж баталдаг тухайн салбарт монопол болсон аж ахуй нэгж их байгаа. Цаашид төрийн оролцоог багасгах нь зүйтэй гэж үздэг. Хоёр тал аж ахуй эрхлэгчид чиглэсэн ялангуяа хууль эрх зүйн чиглэлийн сургалт сурталчилгааны ажил хийх зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, Өрсөлдөөний тухай хуулийг сурталчлан таниулахад аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, өрсөлдөөний бодлого, соёлыг төлөвшүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчидтэй хийхээр талууд төлөвлөсөн байна.