Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кайрат Абдрахманов Кудайбергеновичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар үндэсний цөөнхийн сургуулиудын Монгол Улсын албан ёсны хэлний сургалтыг сайжруулах, Үндэсний цөөнхийн хэлний сургагч багш нарын чадварыг бэхжүүлэх, Төв Азийн болон ЕАБХАБ-ын боловсролын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Мөн “Монгол улсад олон хэл, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичиг”-т үсэг зурсан юм.
Сайд Л.Энх-Амгалан УИХ-ын өнгөрсөн оны Хаврын чуулганаар баталсан Боловсролын багц хуулинд бүх түвшний боловсролын үйл ажиллагаанд тэгш хамрагдах агуулга багтсан нь олон хэлний болон олон соёлт иргэдийн боловсролын тэгш эрхийн эрх зүйн орчин бүрдсэн талаар уулзалтын үеэр дурдав.