Монголын улаан загалмай нийгэмлэг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй “Сайн дурын бүлэг”-ийг сургах, сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд нээлтээ хийлээ.
Сургалтад Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн төвийн зургаан дүүргээс сайн дурын идэвхтэн нийт 32 хүн хамрагдаж байна.
Оролцогчид 5 өдрийн турш үргэлжлэх тус сургалтад хамрагдсанаар гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг чадварт суралцах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварт суралцах юм.
Ташрамд дурдахад, МУЗН-ОБЕГ хамтран 2019-2023 онд 21 аймгийн 104 суманд 359 сургагч багш бэлтгэж, тэдгээр сургагч багш нараар дамжуулан иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах мэдлэг олгоод байна.