Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай өнөөдөр /2024.04.04/ Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа. Энэ үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүч - 2” төслийн хүрээнд Хархорин сумын 10-0,4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэн сайжруулах ажлын гүйцэтгэлтэй биечлэн танилцсан.
Төслийн хүрээнд 10/0,4кВ-ын хоёр ком дэд станц барьж, 250кВА чадал бүхий хоёр хүчний трансформатор суурилуулах, модон тулгууруудыг төмөр бетон болгох, хуучин дамжуулагч утсыг бүрээстэй, дамжуулах чадвар өндөртэй дамжуулах утсаар сольж техникийн алдагдалгүй болгох, ухаалаг тоолуурыг айл өрхийн хэрэглээнд бүрэн нэвтрүүлснээр заалтыг биечлэн бичдэг механик ажиллагааг халснаар түүнийг дагасан орлого өссөн байна. Төсөл хэрэгжсэнээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасалдалгүй болсон талаар байгууллагын удирдлагууд танилцууллаа.
Мөн “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хархорин салбарын инженер техникийн ажилчидтай уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.
Уулзалтын төгсгөлд дэд сайд М.Баярмагнай 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг ханган ажиллах, техникийн хяналтыг тогтмол зохион байгуулах, ажилчдын нийгмийн асуудалд анхаарал тавих зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.