Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2024.04.09/ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: "Зам, тээврийн хөгжлийн яам олон улсын автотээврийн харилцааг өргөжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч 2022-2024 онд Словак, Польш, ХБНГУ-тай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Итали улстай Олон улсын
харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн тул байгуулах ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Монгол Улс өнөөдөр дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн боломжтой болсон. Цаашид Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд харилцан тохиролцох саналтай байгаа гэж хэллээ.
Мөн Замын-Үүдэд байгуулах хуурай боомт болон цаашид байгуулах хуурай боомтын төслүүдэд хөрөнгө оруулах боломжтойг онцоллоо.
Түүнчлэн тус яам нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг түшиглэн НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн хүрээнд Хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төв, агуулах байгуулах асуудлыг ажил хэрэг болгон НҮБ болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байгаа. Анхны хүмүүнлэгийн тусламжийн төв болох Бүгд Найрамдах Итали Улсын Сан Вито хотын Бриндизи дэх хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна.
Дээрх төв Монгол Улсад байгуулагдсанаар нийгэм, эдийн засагт ихээхэн үр өгөөж авчрах бөгөөд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, цаашлаад НҮБ-тай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэхэд дэмжлэг болох юм.
Элчин сайд хоёр улсын худалдааны эргэлтийг эрчимтэй нэмэгдүүлж, шууд нислэгтэй болгохыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
2025 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ үеэр автотээврийн болон агаарын тээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах боломжтойг онцоллоо.