Цахим хөгжил, харилцаа холбооны яам бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна.
“Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар, бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсээс эхлэн хангайн бүсэд амжилттай хэрэгжүүлсэн тус аян өнөөдөр (2024.04.10) баруун бүсийн 4 дэх аймаг Увс аймагт үргэлжилж байна.
Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй тус арга хэмжээний ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна.
Өдөрлөгийн хүрээнд:
-Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүд
-Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ
-Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн байгууллагын удирдлагууд мэдээллийн технологийн компани хоорондын багийн болон ганцаарчилсан уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга
-Орон нутгийн жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдэд цахим ур чадвар олгох сургалт, технологийн шийдлүүдийн танилцуулга зэрэг олон талт, цогц арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.