ПАРИС, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /APF/. Парист болох Олимпын наадмын үеэр Украины эсрэг Оросын дайн, Ойрхи Дорнод, Судан дахь байлдааны ажиллагаа зэрэг цэргийн мөргөлдөөнүүд зогсоно гэж найдаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон илэрхийлжээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 15-ны даваа гарагт Францын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, удахгүй болох зуны Олимпын наадмын үеэр "Олимпын эвлэрлийг тогтоохын тулд чадах бүхнээ хийхээр" төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
"Бид Олимпын үеэр эвлэрэл тогтоох талаар ажиллахыг зорьж байна. Миний хувьд энэ бол олон түнштэйгээ яриа хэлцээ хийх боломж гэж бодож байна" гэж тэрбээр хэлээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс энэ асуудалд өөрийн нөлөөгөө ашиглахыг хүсэх бодолтой байгаагаа нэмж дурдсан байна. "Хятадын удирдагч хэдхэн долоо хоногийн дараа Парист ирнэ, би түүнээс надад туслахыг хүсэх болно" гэж Э.Макрон онцолжээ.
Үүний сацуу тэрбээр 2024 оны Олимпын наадам болохоос яг 100 хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа, Олон улсын Олимпын хорооноос Оросын тамирчдад төвийг сахисан статус олгох шийдвэрийг дэмжиж, "шударга шийдвэр" гэж мэдэгджээ. "ОХУ-ыг уриагүй, удирдагчийг нь урих боломжгүй. Гэхдээ Оросын тамирчид төрийн дуулал, далбаагүйгээр тэмцээнд оролцоно" гэж тэрбээр хэллээ.
Парис хотын дарга Анн Идальго Орос, Беларусийн тамирчдыг Олимпын наадамд оролцуулахыг эсэргүүцсэн юм. Олон улсын Олимпын хорооноос мэдээлснээр, Оросын 40 орчим тамирчин Олимпын наадамд оролцож магадгүй байна. Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг олон улсын спортын холбоод гаргана. ОУОХ-ноос Орос, Беларусийн тамирчдыг Олимпын ёслолын жагсаалд оролцохыг хориглосон юм.
Парис хотноо Зуны Олимпын наадам 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал