Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь талууд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, стандартчилал, хэмжил зүйн хууль, эрх зүйн орчин, төрөөс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилт, олон улсын менежментийн стандартыг нэвтрүүлсэн туршлага, баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах замаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, стандартын боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Санамж бичигт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Стандарт, хэмжил зүйн газар бүхий л талаар дэмжин ажиллах болно. Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж болж буй МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллаж, бодит олон ажлын ард хамтдаа гарах болно” гэлээ.
Харин МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос: “Манай агентлаг Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай. Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн цахим хуудсаар мэдээллээ түгээж ажилладаг. Тиймээс стандартын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах, ойлголтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана” гэв.