МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний Статистикийн Хороо хамтран “Хүн ам, жендер, хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр МУИС-ийн байранд зохион байгуулж байна.
Хурлыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хэлсэн үгэндээ, Манай салбарын үйл ажиллагаатай холбоотой улс төрийн шийдвэр гаргах тохиолдол цөөнгүй. Бид ямар ч үед салбарын хариуцсан асуудлын хүрээнд бодлогын суурь судалгаатай байх ёстой. Иймд хүн ам, хөгжил, жендэр, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн бүхий л судалгааны ажлыг дэмжин хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Өнөөдрийн Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд “Цар тахлын өмнөх ба дараах өрхийн түвшний хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлын шинжилгээ” “Тэтгэврийн босго нас тогтооход хүн ам зүйн хүчин зүйлийг харгалзах нь” “Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, түүнд нөлөөлөх, татах, түлхэх хүчин зүйлийн газар зүйн судалгаа” “Хот хөдөө: Шилжин ирэгчдийн ахуйн нөхцөлийн доройтол”, “Хүн амын шилжих хөдөлгөөнийг хүний хөгжлийн хүрээнд эргэцүүлэх нь”, Монгол Улс: Шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлтийн судалгаа”, “Ядуурлын олон талт байдлыг судлах арга зүйн асуудал”, “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба тэгш бус байдлын илрэл” зэрэг олон сонирхолтой сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.