Өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн гурав дахь барилдаан Увс - Говьсүмбэр аймгуудын хооронд өрнөж, Говьсүмбэр аймгийн баг 15:10-аар ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв.
Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Үүрцайх /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /5/, аймгийн арслан Г.Дармаажанцан /2/, аймгийн арслан Н.Намнансүрэн /3/, аймгийн арслан Г.Эрхэмбаяр /5/ нийт 15 даваа авсан бол Увс аймгийн баг улсын аварга П.Бүрэнтөгс /2/, улсын начин О.Түмэн /2/, улсын начин Д.Тогтохжаргал /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/, аймгийн арслан Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /1/ нийт 10 даваа авлаа.
Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд нар ажилласан юм.
Ялсан Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20.000.000 төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан буюу наймд шалгарсан баг 5.000.000 төгрөгийн шагналаа гардлаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО