Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Монгол гэр” үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 4-12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд 21 аймаг, бүс нутаг, угсаатны онцлог, өвөрмөц байдлыг шингээсэн 25 монгол гэрийг барих аж. Мөн Соёлын биет бус өвийн уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, уламжлалт гар урлалын ай савд хамаарах шинэ гэр барих, найр хийх ёс, зан үйл, монгол нүүдлийн зан үйлийг таниулна.
Түүнчлэн монгол гэрийн уламжлалт урлал, Уянга хийцийн гэр урлал, урц гэр урлал, гэрийн иж бүрдлийн уламжлалт урлал, эсгий ширмэл зэрэг 50 орчим Соёлын боловсролын оролцоот хөтөлбөрийг хүүхэд залуус, олон нийтэд 9 хоногийн туршид толилуулна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.